Учирч болзошгүй зарим тохиолдлууд, шийдэх арга зам, FAQ

Олон хүн манай байгууллагад хандан бидний явуулж буй үйл ажиллагааны талаар болон мөлжлөг, хүний наймааны гэмт хэргийн талаар асууж лавладаг. Зарим нэг асуулт байнга давтагддаг тул та бүхний анхаарлыг татаж магад хэмээн хариулт бэлдлээ. Гэхдээ нөхцөл байдлыг тухай бүрд нь харгалзан үзэх шаардлагатай байдаг. Та бүхэнд өөр асууж тодруулах зүйл байвал бидэнд хандаарай.

түгээмэл гардаг асуулт

Хүндрэлд орсон үед хандаж болох байгууллагуудын харилцах утас, хаяг
  • БНЧУ-ын Цагдаагийн газар – 158 (www)

  • Түргэн тусламж – 155 (www)

  • Гадаад улсаас Чех Улсад суугаа ЭСЯ, консулын газрын жагсаалт (www)

  • Элчин сайдын яамдуудын хаяг, утас (www)

  • БНЧУ-ын Дотоод хэргийн яам – гадаадын иргэдэд зориулсан мэдээлэл (www)

Би Чех Улсад агентураар дамжуулан ажил хийж байсан бөгөөд нийт 3 сарын цалингаа авч чадахгүй байна. Цалингаа нөхөн олгуулахад та бүхний зүгээс туслах боломжтой юу?

Шүүхэд хандаж өр төлбөрөө гаргуулж болох хэдий ч шүүхийн шийдвэр гартал хугацаа их шаардагдахаас гадна амаргүй зам туулах нь олонтоо. Өр төлбөрөө барагдуулуулахаар эвлэлдэх журмаар ажил олгогч эсвэл ажил зуучлагч (агентур)-тай холбоо барих өөр арга зам байдаг. Хамгийн чухал нь эдгээр аргуудын аль алиныг нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ч ашиглах боломжтой байдаг.  Хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг бичиж манайд хандсан тохиолдолд бидний зүгээс ажил олгогчоос олгоогүй цалинг нөхөн олгуулахад шаардагдах зарим бичиг баримтыг бэлтгэхэд тусална.  

Миний хувьд туршилтын хугацаа дууссан байсан ч ажил олгогч намайг өвчтэй гэсэн шалтгаанаар ажлаас халсан. Ажил олгогч ийм эрхтэй юү?

Дүрэм журамд тодорхой заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгах боломжтой. Ажил олгогч ажилтныг өвчтэй байх үед ажлаас нь халах эрхгүй, үүнээс гадна ажилтан нь цалингийн нөхөн олговор, өвчилсний (хөдөлмөрийн чадвараа түр алдсны) тэтгэмж авах эрхтэй. Ажил олгогч таныг хууль бусаар ажлаас халсан тохиолдолд та хоёр сарын дотор хөдөлмөрийн гэрээг үндэсгүй цуцалсан тухай нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Ажил олгогч намайг эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй болохын тулд сар бүрийн цалингаасаа эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө төлөх үүрэгтэй гэж хэлсэн. Энэ үнэн үү?

Шимтгэлийг ажилтан, ажил олгогчийн аль аль нь төлдөг. Нийт цалингаас 34 хувийг шимтгэлд суутгадаг ч ажилтны нийт цалингаас эрүүл мэндийн даатгалд 4,5 %, нийгмийн даатгалд 6,5 % тус тус суутгадаг. Таны цалингаас суутгах шимтгэлийн хэмжээг цалингийн цахим тооллын аль нэгэн машинаар лавлах боломжтой (https://portal.pohoda.cz/dane-ucetnictvi-mzdy/mzdy-a-prace/kalkulacky/vypocet-ciste-mzdy-pro-rok-2021/).  

Ажил олгогч нь ажилтны цалингаас төрөөс заасан хэмжээнээс хэтрүүлэн суутгах эрхгүй.

Ажил олгогч намайг чөлөө авахыг шаардсан. Би цалингийн нөхөн олговор авах эрхтэй юү?

Цалинтай, цалингүй чөлөө гэдгээс шалтгаална. Цалинтай чөлөө авсан хугацаанд та цалингаа авах эрхтэй. Харин цалингүй чөлөө авсан хугацаанд цалин олгохгүй бөгөөд ажилтан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх асуудлаар ажил олгогчтой өөрөөр тохиролцоогүй бол өөрөө хариуцна.

Хэн ч ажилтнаа чөлөө авахыг шаардах эрхгүй, чөлөөг зөвхөн ажилтны хүсэлтээр олгодог гэдгийг анхаарна уу!

Ажил олгогч намайг анх тохиролцсноос өөр ажил хийлгүүлэх / өөр газарт ажиллуулах хүсэлтэй байна. Ийм зүйл шаардах эрхтэй юү?

Ажил олгогч юун түрүүнд ажилтантай анх тохиролцсноос өөр ажил хийлгүүлэх талаар харилцан тохиролцох ёстой. Хэрэв танд нэр заасан газарт тодорхой местэн дээр ажиллах зорилгоор хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгосон тохиолдолд та уг зөвшөөрөлд заасан ажлыг л гүйцэтгэх үүрэгтэй.

Би ЕХ-ны гишүүн бус орны иргэн бөгөөд ажил хайж байна. Надад ажил олоход туслах боломжтой юу?

Ажил хэрхэн хайх талаар танд зөвлөгөө өгч, туслах боломжтой. Гадаадын иргэн Чех Улсад ямар нөхцөлд хөдөлмөр эрхлэх боломжтой, ямар бичиг баримт бүрдүүлэх, ажил хайж байгаа үедээ юунд анхаарах, юунаас болгоомжлох талаарх мэдээлэл өгнө. Харин тодорхой ажлыг байранд зуучлах боломжгүй.

Би агентураар дамжуулж ажиллаж байгаа бөгөөд агентур миний визийг хүчингүй болгоно гэж сүрдүүлэхээс гадна ийм төрлийн визээр өөр газарт ажиллах боломжгүй гэж хэлдэг. Энэ үнэн үү?

Хэрэв та агентураар дамжуулж ажиллаж байгаа бол тодорхой нөхцөлд таны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох аль эсвэл Чех Улсад түр амьдарч буй хаягийг бүртгэлээс хасуулж болох боловч визийг хүчингүй болгох боломжгүй. Хэрэв танд хөдөлмөр эрхлэх зорилгоор (виз 61) виз олгосон бол та Чех Улсад заавал агентураар дамжуулалгүй өөр шугамаар хөдөлмөр эрхлэх эрхтэй. Хэрэв та агентурт албан газарт өөрийг тань төлөөлөх итгэмжлэл өгсөн бол итгэмжлэлээ цуцалсан талаар эдгээр газруудад мэдэгдэх нь зүйтэй.

Чех Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө агентур/ажил зуучлагч нараар хөөцөлдүүлж байна. Хөөцөлдүүлж байгаа хөлсөнд нь нутгаасаа гарахаасаа өмнө нэлээд хэмжээний мөнгө төлсөн боловч Чех Улсад орж ирсний дараа надаас дахин мөнгө нэхэж байна, гэвч надад одоо мөнгө байхгүй. Тэд надаас дахин мөнгө нэхэх эрхтэй юү?

Агентур, ажил зуучлагч нарт найдалгүй асуудлаа шууд ажил олгогчтой шийдвэрлэхийг зөвлөж байна. Ийм тохиолдолд та замын зардал, хөдөлмөрийн гэрээ гаргуулсан, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгуулах зэрэг ямар ч үндэслэлгүй их хэмжээний төлбөр төлөх шаардлагагүй болно. Виз олгуулах / сунгуулах хүсэлт гаргахад БНЧУ-ын ДХЯ-ны ОШСБГ-ын хураамж зэрэг төлвөл зохих төлбөрийг холбогдох албан газруудад шууд төлнө. Ажилтнаас хөдөлмөр зуучилсан төлбөрийг авах нь Чех Улсын хуульд харш.

Ямар үүрэг хүлээж, ямар бичиг баримтад гарын үсэг зурсан бэ гэдгээс олон зүйл шалтгаална. Өөртөө тохиолдсон байдлын талаар хуульч (өмгөөлөгч)-өөс зөвлөгөө авах нь хамгийн зөв. Ингэхийн тулд манай шуурхай дуудлагын утсаар хандаж зөвлөгөө аваарай.

Би Чех Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор богино хугацааны визээр ирсэн бөгөөд визний хугацаа удахгүй дуусна. Ажил олгогч миний бичиг баримтыг хөөцөлдөж өгнө, ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэх юм. Үүнд нь итгэж болох болов уу?

Зөвхөн тодорхой нэр заасан ажил олгогчид хөдөлмөр эрхлэх зориулалттай олгодог тул богино хугацааны хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг сунгахгүй. Ийм төрлийн визтэй гадаадын иргэн ажил олгогчоо өөрчлөх ямар ч боломжгүй. Ямар нэгэн асуудалд орооцолдохгүйн тулд ажил олгогчоосоо өөрийн чинь оршин суух асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар асууж, мэргэжлийн хүмүүсээс (жишээ нь: гадаадын иргэдэд тусалцаа үзүүлдэг төрийн бус байгууллага)  зөвлөгөө авах нь зүйтэй.     

Би Чех Улсад ажилтны картны үндсэн дээр ажиллаж байгаа бөгөөд ажил олгогчоо өөрчилвөл болох болов уу?

Болно. Хэрэв таны хамгийн анхны ажлын карт бол ажил олгогчоо ажлын карт хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 6 сарйн дараа (ажлаа эрүүл мэндийн шалтгаанаар, ажил олгогчтой зохион байгуулалтын асуудлаар, жишээ нь: цалин хөлс олгогдох гэх мэт) шалтгаанаар ажил олгогчоо өөрчлөх боломжтой. Хөдөлмөрийн гэрээг ямагт бичгээр цуцлана. Мэргэшсэн ажилтан зэрэг засгийн газраас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн хүрээнд олгосон карт эзэмшигчдийн хувьд өөр нөхцөл үйлчилдэг болохыг анхаарна уу! 

Ажил олгогчоо өөрчилж байгаа тохиолдолд ямар нэгэн асуудалд ороолцолдохгүй тулд хуульч / өмгөөлөгч, гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлдэг аль нэгэн төрийн бус байгууллагад хандан зөвлөгөө авах эсвэл манай шуурхай утсаар холбогдох нь зүйтэй.

Би Чех Улсад оршин суух зөвшөөрөл, хоёр жилийн хөдөлмөрийн гэрээтэй. Ажил олгогч намайг зуучлалын болон визийн төлбөр, замын зардлаа төлсний дараа л ажлаа сольж болно гэж дарамталж байна. Ингэж дарамтлах эрхтэй юү?

Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу та хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрхтэй, хэн ч таныг ажил солиулахгүй гэж дарамтлах эрхгүй. Зардал, өр төлбөрийн хувьд ажил олгогчийн өмнө таны хүлээж гарын үсэг зурсан болзлоос шалтгаална. Үүссэн нөхцөл байдлынхаа талаар хуульч, өмгөөлөгчөөс зөвлөгөө авах эсвэл – манай байгууллагын шуурхай утсаар ярьж зөвлөгөө авах боломжтой. 

Би Чех Улсад Мэргэшсэн ажилтан хөтөлбөрийн шугамаар ирсэн (Украин / Филипин / Серб гэх мэт…). Ийм болохоор би ажлаа сольж болох уу?

Чех Улсад засгийн газрын хөтөлбөрийн шугамаар ирсэн тохиолдолд оршин суух зөвшөөрлөө өөрчлөх / хугацааг нь сунгуулах нөхцөл өөр байдаг. Та гадаадын иргэдэд тусалцаа, үйлчилгээ үзүүлдэг аль нэгэн төрийн бус байгууллагад хандах эсвэл манай шуурхай утсаар ярьж зөвлөгөө авах нь зүйтэй.

Чех Улсад визгүй зорчдог Украин / Гурж / Молдав… улсын иргэний хувьд Чех Улсад ирээд амьдарч байхдаа ажил олсон. Ажилд авъя гэж байгаа ажил олгогч маань хөдөлмөр эрхлэх виз хөөцөлдөж өгөх зорилгоор надаас мөнгө нэхэж байна. Энэ хүнд итгэж болох үү?

Та Чех Улсад визгүй зорчих хугацаандаа хөдөлмөр эрхлэх эрхгүй, хөдөлмөр эрхлэхийн тулд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, зориулалтын оршин суух зөвшөөрөл авах шаардлагатай. Оршин суух зөвшөөрөл олгуулах хүсэлтээ танай нутагт суугаа Чех Улсын Элчин сайдын яаманд гаргана. Хэрэв Чех Улсад удаан хугацааны оршин суух ямар нэгэн төрлийн зөвшөөрөлгүй бол Чех Улсын нутаг дэвсгэрт ийм хүсэлт гаргах эрхгүй.

Хайж байсан зүйлээ олсонгүй юу? Бидэнд бичээрэй.

Таны ажил болон ажил олгогч асуудалтай байгаа гэдгийг хэрхэн мэдэх вэ?

Эдгээр асуултад хариулахыг оролдоно уу
  • Дургүй ажлыг албадан хийлгүүлж байна.

  • Хүний нэр хүндийг гутааж доромжилсон нөхцөлд ажиллуулдаг.

  • Таны биеийн байцаалт, бичиг баримтыг хураан авсан.

  • Та хийсэн ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна.

  • Таны хаашаа явах, хэнтэй уулзахыг байнга хянаж шалгадаг.

  • Таны бие болон сэтгэл санаанд халддаг.

  • Таныг хуурч мэхэлсэн.

  • Таныг айлган сүрдүүлдэг.

  • Та ажлаасаа хууль бусаар халагдсан.

  • Дээр дурсан зүйлүүдийн аль нэг нь танд тохиолдсон учраас та одоо Чех Улсад хууль бусаар оршин сууж байгаа.

Дээрх нөхцлүүдийн аль нэгэнд нь тийм гэж хариулсан тохиолдолд та хүнийн наймааны гэмт хэргийн хохирогч болсон эсвэл хүний наймаа, мөлжлөгт өртсөн байж болзошгүй. Хэрэв тийм бол манай байгууллагаас танд хямралын үеийн наад захын тусламж үзүүлэх, хамгаалах байранд оруулах, нийгмийн болон эрх зүйн асуудлаар мэргэжлийн тусалцаа үзүүлэх боломжтой. Хэдийгээр та энд дурдагдаж буй нөхцөлд хамаарах эсэхдээ эргэлзэж байлаа ч манай байгууллагад утсаар хандаарай.

Бид хамтдаа таны нөхцөл байдалд шийдэл олно.